Дурлал хайрыг минь хоёр болгон хөгөлсөн
Дур хүслийн минь нэгээхэн хэсэг
Дуудах нэргүй хоногшсон охин минь
Дэрвэх бага насанд танилцаж чадаагүй хайрт минь
Дайрч тааралдах бүртээ үгийн солиогүй өнгөрөхдөө
Дэндүү уян харцанд чинь зүрхээ алдсандаа чамд ёслъё.
Догшин онгон харцыг минь нүднийхээ буланд хашихдаа
Дөлгөөн гоолиг биендээ шингээж авсанд тань мэхийе.
Дөнгөж унасан харцанд минь хайрын туяа гялбуулсан
Танилцаагүй танил минь сайн байна уу?
Хонгор сэтгэлийн холбож найруулсан хэдэн мөр
Хос зүрхний дуудлагаар дураар гүйсэн үгс
Хожим дуралсан охин таны
Хүсэл тачаалд нийцэхгүй биз
Ураар дульмаг шүлэг минь
Учрах дураар хөглөгдөөгүй болохоор
Уулзах эрхгүй хайрандаа очих хаяггүй захидал
Уншигч үгүй найргаа бичиж байгаа минь энэ.
Би чамд дурлахдаа
Бэл бэнчин бие бялдарыг тань харсангүй
Байгаа гоо биеийг чинь янагийн харцаар шохоорхсонгүй
Бие биенээ анх харсан тэр л мөчид шууд дуралсан
Шаналал дүүрэн сэтгэлдээ
Шүлэг найруулах сайхан
Шилж сонгоогүй хайртыгаа
Шохоорхон мөрөөдөхөд бүрч сайхан
Сайхан энэ дурлалаа
Сээтэн хаясан алаг нүдтэй чинь
Сэтгэл зүрхэндээ үүрд хадгалж
Сэв суугаагүй сэтгэлийг чинь дотроо хайрлаж явна аа.
Тэлж гүйцээгүй ухааны
Тэнэгхэн шүлгийг тоож унших хүн байхгүй
Тэртээх онгон хангайн хөгжиж амжаагүй тосгоны
Түмний нүүр хараагүй ичимхий намайг чи тоохгүй
Гэвч энэ надад хамаагүй
Гэгээ орох үед алдар биш үзлийн төлөөх шүлэгээ дуусгаад
Гэнэн хонгор насны зүрхний хулгайч охин чамайг
Гасланд умбасан сэтгэлдээ эрэн сурвалжлах болно оо.
Орчлон хорвоо надад чамайг бэлэглэсэн
Оргилж ассан сэтгэлдээ чамайг авахад бэлэн биш
Охидын сэтгэлийг ойлгож чадахгүй болохоор би
Олдсон энэ дурлалдаа өөрөөр би хандаж чадахгүй нь ээ.
Магадгүй хэзээ нэгэн цагт энэ захидал чамд очоод
Мөнхөд бадамлах хайрын зул асааваас
Моль хар нүдэн минь намайг өөрөө олоорой
Мэндэлж үзээгүй найздаа танилцаагүй танилаас чинь.
No comments:
Post a Comment